Дэлхийн Банкны дэмжлэгээр хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа "Code4GreenUB" төслийн хүрээнд "Maker's Week" үйлдвэрлэгч буюу бүтээгчдийн долоо хоног арга хэмжээ 2015 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 30-ны хооронд МТҮП, Oil-нээлттэй инновацийн лабораториудад тус тус зохион байгуулагдах гэж байна.
Уг арга хэмжээний нэг хэсэг болох 3D принтерийн лаборатори өнөөдөр МТҮП-т нээлтээ хийлээ. Мэдээлэл технологийн салбарт сонирхолтой залуучуудад туршилт, судалгаа шинжилгээ хийх маш том боломж нээгдэж байгаа төдийгүй нийгэм эдийн засгийн салбарт ихээхэн түлхэц болохуйц шинэ алхам болж байна хэмээн МТҮП-ын захирал Б.Мягмарнаран нээлтийн үеэр онцолсон юм.
Энэхүү 3D принтер нь тусгайлан бэлтгэсэн загвар, моделиудыг хуулбарлан зориулалтын пластик материалын тусламжтайгаар бодит биетийг хэвлэн гаргах чадвартай. Ургамлаас гаргаж авсан тосыг тодорхой хэмд халааж хатуу пластик материал гарган авч, түүнийгээ 3D принтерийн тусламжтайгаар хайлуулж тодорхой дүрс бүхий биет болгон шахаж гаргадаг гэж тайлбарлаж болно. Ойролцоогоор 3 см.кв хэмжээтэй роботын дүрсийг хэвлэж гаргахад 40 орчим минут зарцуулдаг юм байна.
Өнөөдөр МТҮП-т суурилагдаад байгаа хоёр хэвлэгч машин нь нэг бүр нь 3,000-4,000 ам.долларын үнэтэй бөгөөд тус машинд хэрэглэгдэх PLA, ABS зэрэг шахмал материалиуд нь 1 кг нь 30 ам. долларын үнэтэйгээр Монголд орж ирэх юм.
3D принтерийн хамгийн ашигтай тал нь бизнесийн байгууллагууд өөрийн гаргах гэж байгаа шинэ бүтээгдэхүүнээ зах зээлд бодитоор харагдах моделийн хамтаар танилцуулах боломжийг нээж өгч байгаа ажээ.
Тус Принтерийн хэрэглээний талаар залуучуудад зориулсан сургалт өнгөрөгч долоо хоногт МТҮП-т явагдсан бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах, мөн өөрсдөө туршиж үзэх сонирхолтой залуус маргааш буюу 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр МТҮП-т очиж 3D дринтерийн ажиллагаатай танилцаж болох юм байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/
ИНГЭЭД ӨНӨӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ФОТО ЗУРГУУДЫГ ҮЗНЭ ҮҮ
Comments