Өнөөдөр аливаа ажлыг компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэдэгтээ хүмүүс санал нэгдэх байх. Үүнтэй адил ялангуяа албан байгууллагуудын ажил принтер болон түүний хоргүйгээр урагш явахгүй биз.
Монгол орны зах зээлд дараах дөрвөн төрлийн хор нийлүүлэгдэж байна. Үүнд:
1. OEM буюу принтер үйлдвэрлэгч компаниудаас санал болгодог хор. Энэ төрлийн хор нь нэлээд үнэтэй ч чанарын хувьд асуудал гаргадаггүй.
2. Дахин боловсруулсан хор. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн хорны шаардлагатай эд ангиудыг сольж, дахин цэнэглэнэ гэсэн үг. OEM-тэй харьцуулахад 20-30 хувийн хямд үнэтэй байдаг. Гэхдээ хорны үндсэн сав нь хэт хуучирсан тохиолдолд чанарын доголдол гарах тохиодолууд байдаг.
3. Цэнэглэсэн хор. Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн гэсэн үг. Голлон урд хөршөөс орж ирдэг, үнийн хувьд маш хямд, баталгаагүй хор бөгөөд хайрцаг, сав баглаа боодол нь албан ёсны үйлдвэрлэгчийн хортой ижил төстэй ялгахад төвөгтэй байдаг. Энэхүү хор нь чанарын шаардлага хангахгүй хар зураастай гарах, асгарах, бага хуудас хэвлэх зэрэг олон сул талуудтай.
4. Принтерийн хор үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг бусад брэнд хорнууд. Картрижийн бүх эд ангиудыг (булнууд, арчигч резин, хайрцаг гэх мэт) анхны үйлдвэрлэгчээс нь авч, үйлдвэрлэсэн хор. Энэ төрлийн хор нь үнэ дундаж, чанар боломжийн байдаг. Гэхдээ үйлдвэрлэгчдийн түвшин, эд ангиудын чанар, зохицол зэргээс хамаарч чанар нь харилцан адилгүй байдаг.
Дээрхи төрлүүдээс манай оронд оригинал биш буюу дууриамал цэнэглэсэн хор нь зах зээлийн ихэнхи хувийг эзэлдэг бөгөөд энэ төрлийн хор үнэ хямд ч чанар доголдолтой байдаг нь хэрэглэгчдийн шаардлагыг төдий л хангаж чадахгүй байдаг байна. Мөн энэхүү төрлийн хорыг цэнэглэж ашиглахад хор 500 орчим хуудас хэвлээд асгардаг бөгөөд асгарсан нунтаг нь хэвлэгчийн эд ангиудыг бохирдуулж, автоматаар цаас татах, улмаар дамжуулах механизмын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бүр бусад цахилгаан дамжуулах эд ангиудыг шатаахад хүрдэг. Нунтаг хор нь цэнэг авахдаа тун муу учир хэвлэгчийн хатаагч булыг бохирдуулснаас лазер хэвлэгч нь цаасыг үрчийлгэх эсвэл ороох, гацдаг болгодог. Ингэснээр хэвлэгч, хувилагч төхөөрөмжийг гэмтээх эрсдэлтэй.
Принтерийн хорны чанарыг тод гаралт, анхны чанараараа стандартад заасан хуудсандаа хүрч хэвлэх байдаг бөгөөд принтерийн хорны чанар нь эд ангиудын сайтар зохицол, хорны дүүргэлтийн хэмжээ зэргээсээ ихээхэн хамаардаг байна. Хор нь тээвэрлэлтийн явцад доргиж эд ангиуд нь хугарах, зай завсар үүсч нунтаг хор нь гоожих, хар зураастай гарах зэрэг эрсдэлүүд байдаг. Мөн цаг агаарын хүйтрэлээс хамаарч хөлдөх, дүрсний бул нь цантаснаас болж чанарын шаардлага хангахгүй байх тохиолдолууд байдаг.
Зөвлөгөө:
1. Тухайн худалдан авах гэж байгаа хор маань дээрхи 4 төрлөөс аль нь болохыг тодорхойлох хэрэгтэй. Та үнэ хямдтай хор худалдан авахаар шийдсэн бол аль болох принтерийн хор үйлдвэрлэгч компаниудын үйлдвэрлэдэг бусад брэнд хорнуудыг сонгон ашиглах хэрэгтэй.
2. Принтерийн хорыг задлаад принтерт хийхдээ хорны тууз авах шаардлагатай байдаг. Туузыг авахдаа аль болох эгц шулуун байдлаар жигд татах хэрэгтэй бөгөөд далий татаснаас болж үзүүр тасарч үлдэснээр хор тал гарах, зураастай гарах зэрэг эрсдэлүүд бий болдог.
3. Принтерийн хорыг хэдэн хуудас хэвлэж байгааг нь сайтар хэмжих хэрэгтэй. Зарим хорнууд нь 2500 хуудас хэвлэх ёстой байдаг боловч хорны төрөл, чанараасаа хамаарч хуудсандаа хүрэхгүй байх тохиолдол байдаг.
4. Хэрэглэчид принтерийн хор цэнэглүүлэх. Хэрэглэгчид принтерийн хорыг цэнэглүүлж хэрэглэх тохиолдол элбэг байдаг ч цэнэглүүлсэн хор хар зураастай гарах, бага хуудас хэвлээд дуусах, асгарах тохиолдолууд байдаг. Принтерийн хорыг цэнэглэхдээ эд ангиудыг нь задалж цэвэрлэх, илүүдэл хорны саванд хуримтлагдсан нунтаг хорыг асгах шаардлагатай байдаг бөгөөд тухайн байгууллага, хэрэглэгчийн ажлын байранд дуудлагаар цэнэлэхэд цэвэрлэх, илүүдэл хорыг асгах боломжгүй байдаг тул дээрхи төрлийн эрсдэлүүд үүсдэг. Мөн дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад энэ төрлийн үйлчилгээг зогсоосон байдаг учир принтерийн хор нь хүний биед хортой бөгөөд оффист цэнэглэсэнээр орчинг бохирдуулах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг үзүүлдэг. Принтерийн хорны нөлөөнөөс болж үргүйдэх, харшилтай болох, гуурсан хоолойн үрэвсэл буюу бронхит зэрэг өвчнүүд бий болдог байна.
Comments