Өнөөдөр аливаа ажлыг компьютергүйгээр төсөөлөхөд бэрх болсон гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Үүнтэй адил ялангуяа албан байгууллагуудын ажил төрөл принтер болон түүний хоргүйгээр урагш явахгүй биз. Мэргэжилтнүүдийн хэлснээр дөрвөн төрлийн хорыг манай зах зээлд нийлүүлж байгаа гэнэ.
Нэгдүгээрт, OEM буюу принтер үйлдвэрлэгч компаниудаас санал болгодог хор. Энэ нь нэлээд үнэтэй. Хоёрдугаарт, дахин боловсруулсан хор. Өөрөөр хэлбэл, хэрэглэсэн хорны шаардлагатай эд ангиудыг сольж, дахин цэнэглэнэ гэсэн үг. OEM-тэй харьцуулахад 20-30 хувийн хямд үнэтэй ийм хорыг таниж авахад нэлээд хэцүү гэнэ. Гуравдугаарт, цэнэглэсэн хор. Зөвхөн нунтаг хорыг дахин цэнэглэсэн гэсэн үг. Голлон урд хөршөөс орж ирдэг, үнийн хувьд маш хямд, баталгаагүй хор юм байна.
Эдгээр нь манайд HP брэндээр худалдаанд нийлүүлэгддэг байна. Энэ нь хууль бус үйлчилгээ гэсэн шүү. Дөрөвдүгээрт, тод хор. Картрижийн бүх эд ангиудыг (булнууд, арчигч резин, хайрцаг гэх мэт) анхны үйлдвэрлэгчээс нь авч, үйлдвэрлэсэн хор. Эдгээр хорноос хэрэглэгчид хэрхэн сонгож авах талаар мэргэжлийн хүмүүст хандсан юм. Тэд ямар зөвлөгөө өгснийг уншигчиддаа хүргэе.
Хамгийн түрүүнд картрижийн лацыг шалгах ёстой. Дахин боловсруулсан болон цэнэглэсэн хоруудын уутыг задалж шалгаж болох хэдий ч манай худалдаалагчид зөвшөөрдөггүй юм. Тэгэхээр өнгийг нь нарийвчлан сайн үзээрэй. “Оригинал” хорны өнгөтэй харьцуулж, нунтаг асгарсан эсэхийг шалгах нь чухал.
Ер нь сайн хор үнээрээ л ялгагдана. Ийм хорыг баталгаат найдвартай газраас авах хэрэгтэй. Чанаргүй, олон дахин цэнэглэсэн хор асгарах магадлал өндөр. Асгарсан нунтаг нь хэвлэгчийн эд ангиудыг бохирдуулж, автоматаар цаас татах, улмаар дамжуулах механизмын үйл ажиллагаанд муугаар нөлөөлж, бүр бусад цахилгаан дамжуулах эд ангиудыг шатаахад хүрдэг. Нунтаг хор нь цэнэг авахдаа тун муу учир хэвлэгчийн хатаагч булыг бохирдуулснаас лазер хэвлэгч нь цаасыг үрчийлгэх эсвэл ороох, гацдаг болгодог.
Принтерийн ийм эд ангиудыг өндөр үнээр засварладаг. Тэгэхээр тод хорыг сонгохыг зөвлөж байна. Та энэ хорыг авснаар зах зээлд нийлүүлж буй үнэтэй харьцуулахад 30-45 хувийн хэмнэлт гаргана. Баталгаагүй, чанаргүй хор авах эрсдлээс хамгаалагдана. Ер нь хорыг дахин цэнэглэх нь принтерт маш муу. Нөгөө талаар хорыг цэнэглэх нь нарийн туршлага шаардсан ажил. Шинэ хор болгонд цэнэглэх заавар бий. Түүнийг нь интернэтээс олох боломжтой. Гэхдээ шаардлагатай эд ангиудыг солиогүйгээс нунтаг хор асгардаг гэдгийг анхаараарай.
Comments